Зуслангийн бүсэд төлөвлөлт хийж зохион байгуулалтад оруулна
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийн газар ашиглалтыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцууллаа.
Тухайлбал, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 26 амны зуслангийн бүсэд нийт 53505 нэгж талбар бүртгэлтэй. Эдгээрт ерөнхий төлөвлөлт хийж эхэлсэн бөгөөд Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийнх дуусжээ. Энэ 4 байршилд 2225 иргэн байнга, 18,711 иргэн түр оршин суудаг.
Хуурай мухарын аманд 605 хашаа, 630 барилга бий. Замын трасс, орц, гарц гаргах нөлөөлөлд өртсөн 431, сургууль, цэцэрлэгийн барилгын хэрэгцээнд чөлөөлөх шаардлагатай 25 нэгж талбар байна. Бэлхийн аманд 1844 хашаа, 1241 барилга, замын трасс, орц, гарц гаргах нөлөөлөлд өртсөн 988 нэгж талбар, Жигжидийн аманд 1510 хашаа, 2288 барилга, замын трасс, орц, гарц гаргах нөлөөлөлд өртсөн 951 нэгж талбар бий. Харин Шадивлангийн аманд 1988 хашаа, 630 барилга, замын трасс, орц, гарц гаргах нөлөөлөлд өртсөн 767 нэгж талбар байгаа юм.
Зуслангийн бүсэд төлөвлөлт хийснээр газар өмчлөлийг эрчимжүүлэх, орц, гарц гаргах, сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг шийдэх боломж бүрдэнэ. Цаашид зуслангийн энэ 4 аманд 39.5 км авто зам, 38 км явган зам, 19 км дугуйн зам, орц, гарц гаргах чиглэлд 170 км чулуун зам тавих боломжтой аж. Мөн төлөвлөлт хийснээр иргэдийн маргааныг шийдэхээс гадна ногоон байгууламжийг ч нэмэхээр тооцоолжээ. Бэлхэд 8.6 км, Хуурай мухард 5.7 км, Жигжидэд 4.7 км, Шадивланд 5.4 км явган зам тавих, ууланд алхах маршрутыг ч төлөвлөжээ. Мөн дээрх 4 аманд 2728 нэгж талбарыг өөрчлөх шаардлага тулгарч байгаа аж.
Зөвлөлийн хурлаас эдгээр 4 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийг холбогдох хууль, журамд нийцүүлэн хэрэгжүүлж, зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосныг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.